Б.АЛТАНХУЯГ: ТАНИХГҮЙ ХҮНТЭЙ ҮГ СОЛЬСОН НЬ
2021-10-26 Б.Алтанхуяг 630

ТАНИХГҮЙ ХҮНТЭЙ ҮГ СОЛЬСОН НЬ

“Алга таших чимээг бүгд мэднэ, харин нэгэн алганы дууг хэн сонссон билээ?”
Зэнгийн коанаас...

Цонхны тавцан дээрх ногоон ургамлууд бүр сагсайж гүйцээд зарим нь тод ягаан, улаан, улбар өнгийн цэцгүүдтэй болчихжээ. Өрөөний гол ширээнд суух эмэгтэй байсхийгээд л хэлбэр нь адилхан боловч өөр, өөр өнгөтэй саванд суулгасан таримал цэцэгс тэвэрсээр инээмсэглэн орж ирдэг байлаа. Тэгээд цахим дээрх ямар нэг цэцгийн сан, дэлгүүрийн хаяг хэлж хэдэн төгрөгөөр авсан, ямар өнгийн цэцэг алинаас нь урган гарахыг огтхон ч залхсан шинжгүйгээр ярина. Надад харин урт, богино хэмжээтэй ногоон өнгийн хөвөрсөн утаснууд шиг л харагддаг байлаа. Гэтэл өнгө, өнгийн цэцэг ургачихжээ. Тэглээ ч надад ер нь нэг их хамаагүй. Сонирхол татаад байх юм биш. Түүний оронд өчигдөрхөн дутуу бичээд орхичихсон нийтлэлээ гүйцээх, бас л дутуу уншаад орхисон “Багт хүний наманчлал”-аа дуусгах хүсэл байлаа. Гэхдээ би тиймэрхүү уйтгартай зохиолуудыг төдийлөн ойшоодоггүй л дээ. Зарим үед л юу нь ч юм анхаарал татаад байх шиг болдог. Харин үүний дэргэд Фолкнер юм уу, Бэлоу илүү тохиромжтой. Ер нь бол Шолян ч муугүй л санагддаг. Гэнэтхэн галын машины дуут дохио хангинав. Намайг цонх руу харахад таримал цэцэгсийн дэлбээ чичирч байх шиг мэдрэгдлээ.

Гудманд нам гүм болжээ. Саяхан үүгээр аюулын дохио хангилуулж, нэгэн хүн эсвэл байгууллага, бүр байгаль эхийн ч юм уу, цагийн эрхээр бус жам ёсны зөрөг зам хазайсан учир зүүг нь удаашруулах боломжгүй болсноос үүдэн үнс болон бутарч буй эд юмсын гашуудлыг зарлан өнгөрсөн чимээ шуугианы цуурай ч үлдсэнгүй. Гагцхүү моддын навчис амьд буй гэдгийг сануулан сэрчигнэнэ. Дээш өлийвөл навчсын цаанаас тунгалаг гэрэл анивалзана. Гэхдээ сарных биш ажээ. Өдийд тэр байсан бол юу хийж байгааг дотроо төсөөлөх гэж оролдов. Магадгүй ном уншиж л суугаа болов уу. Тэр үүгээрээ их бахархдаг юм. Уг нь тийм гайхуулаад байхаар жинхэнэ ажил биш л дээ. Ядаж юм нэхвэл таарна.

Удахгүй ахин бороо орох гэж буй бололтой. Чийглэг агаар хамрын үзүүрыг шуналтайгаар ороож, салхины хөл үс гижигдэх нь эс анзаарагдана. Гудамжны гэрэлтүүлэг нойтон цардмал зам дээр туссан нь яг л цагаан цув өмссөн нарийхан хатагтай толио өнгөлөх шиг санагдаж байлаа. Шуудхан алхаад харьчихмаар байв. Тэгвэл дулаан хувцас нэхэж, утас ороож суугаагүй ч ядаж л ном уншиж буй эмэгтэй харж болох юм даа. Гол нь ажлаа дуусгах хэрэгтэй. Бас нөгөө цэцэгсийг услаагүй байгаа шүү дээ. Ер нь ямар цэцэг шөнө ч бас ус нэхэж хонодог юм бол оо.

Би ажлын газрынхаа урд талын шилэн өндөр барилгын буланг тойрон гарч ирэв. Хуучны хийцтэй дөрвөн давхар барилга нүдэнд бүтнээрээ багтаж хоёр цонх л гэрэлтэй үзэгдэнэ. Нэг нь миний өрөө. Нөгөө нь япон сониных. Гэвч тэнд хүнд байсангүй, гэрлээ унтаарахаа л мартаж орхисон бололтой. Тээр, харав уу? Миний таамаг биелэлээ олов бололтой, цав цагаан цув өмссөн эмэгтэй ажлын газрын хаалга татан орох нь харагдлаа. Тийм шүү, гэрлээ асаалттай орхисноос зайлахгүй гэж бодогдохын сацуу тэр эмэгтэйн өмссөн цув, агшны өмнөхөн хаалга нээж орсон зэрэг нь тун сонирхолтой санагдаад явчих нь тэр.

Мэдээж би хэдхэн секундын өмнө цагаан цув гэж тун итгэлтэйгээр өөртөө ямар нэгэн өгөгдсөн ухамсрынхаа тусламжтайгаар тархиндаа оноон нэрлэж дөнгөсөн боловч үүндээ эргэлзэхэд хүрэв. Цув гэхээсээ илүү халаадархуу, шагай хүрсэн хормойтой, үзүүр нь навсарч ноолорсон эд шиг үзэгдсэн нь нүднээ тодров. Мөнхүү тийм нуруутай эмэгтэйчүүд  ихэнхи дээ элбэгдсэн бус харин ч бэлхүүснийхээ галбирыг тодосгосон гоёмсог загварыг сонгохоос бус нөмрөг шиг зүйлээр юу хийх билээ. Гол нь энэ бүхнээс гадна тэр эмэгтэй хаалгыг хэр зэрэг том нээсэн бэ гэдгийг санах гэж оролдов. Харанхуйд сайн ялган харж чадаагүй ч тэр хүн зүгээр (одоо бол эр, эмийг ч оноон нэрлэхэд түүний ой санамж хүрэхгүй болжээ) л хаалганы нарийхан завсраар утаа шиг л шургачих шиг болсон.

Намайг ороход жижүүр залуу нөгөө л нойрмог, ямарч амьгүй сүүмгэр нүдээр дэлгэц ширтэн сууна. Хэн нэгэн орж ирсэн, гэрэлтэй цонхныхоо учрыг олохоор шатаар өгссөн ямар нэгэн ул мөр, эмэгтэй хүний сүрчигний үнэр ч үүдний хоосон танхимд алга байлаа. Жижүүр нүдний булангаараа намайг харах аядаснаа асуулт асуухаас минь өмнө залхуутай үгс урсгахгүй байсан дээр хэмээсний анхааруулга болгож нойрмог нүдээрээ хоосон тааз руу гөлрөн харснаа удаан гэгч нь эвшээв. Би чимээгүйхэн л шатаар гарч өрөө рүүгээ орохоор гишгүүр тоолон өгсөж эхэллээ. Гэвч өрөө рүүгээ яарсангүй. Эхлээд япон сонины газрын хаалгыг зөөлөн тогшив. Хариу өгөөгүй тул түлхэж үзтэл онгорхой байх нь тэр. Харин өрөөнд хэн ч байсангүй. За яахав, би харанхуйгаас болоод ямар нэгэн зүйл буруу харсан болж таарах нь, хэн нэгэн байгаа бол асаачихна л биз гэсээр товчлуур дарж гэрэл унтраагаад хаалгыг нь хааж орхилоо.

Энэ үед утас хангинах нь тэр. Таагүй сэтгэгдэлтэй явсан учир гэнэтийн дуудлагад цочихдоо гэрлээс зугтаж харанхуй нүх рүүгээ шургасан мэрэгч амьтан шиг урт нарийн хонгилд зогсож байв. Зүгээр л эвгүй мэдрэмж төрөөд сарничих агшин төдийд өрөөг нэгжиж, гэрэл унтрааж амжсан боловч харин энэ удаад айдас хоромхон зуурт бие ороочих нь тэр. Ер нь хүний тархи юмсыг хүлээж авахдаа гэнэтийн цочмог үйлдэлд хариу өгөх зориг зүрхгүй боловч ирээдүйн тухай үргэлж эргэцүүлж байдаг бололтой. Харин бүгд бодитоор биежиж нүдний өмнө сүндэрлэн, баатарлаг эр зоригийг шаардаж, цаг хугацааны түргэн гүйдлийг жаахан удаашруулах тохиргоотой улаан товч дарах удирдлага гарт бариулахад л эргэлзэхгүйгээр товчлуурыг хурууныхаа өндөгөөр хүчлэн дарж чадах итгэл бидний дотор оршдоггүй ажээ. Ийн бодож амжтал утас хангисан хэвээр байсан бөгөөд эцэст нь харилцуурыг авав.

-Ийм орой болтол ажилласаар л байгаа юм уу? гэх эгчийн дуу сонстов. Би тавгүй байдлаас аль түрүүн гарчихсан, хормын өмнө айдсын хүйтэн олсонд ороогдоогүй хүний хоолойгоор хариулав.

-Эхлээд оройн мэнд асуух хэрэгтэй юм биш үү?

-За, за дараа нь мэндийг нь асууж байгаад үглэхээс дээ. Чи дахиад л ажил дээрээ сууж байгаа юм уу? Үнэнээр нь хэлнэ шүү!

-Тийм ээ. Бичиж дуусгаагүй нийтлэл дэлгэцэн дээр, уншиж бараагүй ном ширээн дээр байна.

-Чи ингэж л хариулахаас хойш доо. Харин тэр чам руу яриагүй юу?

-Тийм ээ, өнөөх явдлаас хойш ахин холбогдоогүй.

-Чи гэхдээ залгаж болох л байсан шүү дээ. Одоо чи том болсон эр хүн. Ядаж л чи буруу хэрэг хийлээ гэхэд түүнийгээ өөрөө үүрч гарах хэрэгтэй. Шаналж, зовохдоо тулвал туулаад л гарахаас өөрцгүй. Би чамайг хайрладаг. Чи миний бяцхан дүү хэвээрээ. Гэхдээ энэ асуудал чинь намайг зовоож байна. Чи өөрт ямар байгаагаа хэлэх хэрэгтэй. Харин түүнтэй юун тухай ярилцахаа асуухгүй байж болно. Асуух ч ёсгүй. Чи чинь миний бяцхан дүү болохоос бусдад бол том болсон эр  хүн шүү дээ.

-Та жаахан удаан ярь л даа. Бас нэг юм аа давтахаа больж үз! Ийн хэлэх үедээ би нэгэнт ажлын өрөөндөө орж ирүүт цонх руу очиж тавцан дээрх цэцэгсийн дэргэд хүрээд зөөлөн дэлбээг нь гараараа илбэж зогслоо.

-Би хангалттай хэлсэн. Гэхдээ чи түүнтэй ярилцаж болно.

-Ярилцахгүй, бие биенээ чимээгүй ширтээд суувал яаж байна.

-Үгүй дээ, дүү минь. Тийм юмс зохиол эсвэл кинон дээр л гардаг. Би чамайг түүнээс болж дахин өөрийгөө зовоож байхыг чинь хармааргүй байна.

-Би зүгээрээ. Бас түүнтэй ярилцах болно.

-Чи худал ярьж байна, гуйя.., надад зөвхөн үнэнийг хэлээрэй!

Үнэндээ надад ингэж худал ярих тэнхэл үлдсэнгүй. Цэцэгнүүд бүгд л хуурамч сэтгэгдэл төрүүлнэ.

-Тийм ээ, би түүнтэй ярилцаж чадахгүй. Гэлээ ч түүн шиг цоо эрүүл хүнд би ер нь хэрэгтэй гэж үү.

-Бид бүгд л цоо эрүүл биш шүү дээ. Цоо эрүүл байна гэдэг шалбаагтай л адилхан. Эсвэл хар нүүрс, хүмүүсийн хүссэнээ зурж сараачдаг байшингийн ханатай ижилхэн гэсэн үг. Чи цоо эрүүл байх юм бол хүмүүс чамайг хог новшоор дүүргэх болно. Чи цоо эрүүл, хогоор дүүрсэн тов сав болно.

-Тэр хаалга савж яваагүй. Их зөөлхөн хаасан, бас амандаа ямар нэгэн дуу аялж байсан. Цагаан цувны хормой нүцгэн шагайг нь шүргэж, бүсээ чанга уяснаас болж хувцасных нь цаанаас бэлхүүснийх нь галбир тодхон харагдсан. Гил хар үс дал мөрийг нь даван асгарч байлаа. Хамгийн сүүлд нь тэр эр хүнд зориулагдсан гэх тодотголтой сүрчгийг минь аваад чихнийхээ ард түрхэж эхэлсэн. Даанч би... даанч би л...

-Чи тэгээд яасан хэрэг вэ?

-Би түүнээс үлдэхийг гуйж чадаагүй. Зүгээр л явуулчихсан.

-Чи түүнийг үлдээсэй гэж хүссэн юм уу, тэгвэл яагаад хэлээгүй юм бэ? Миний бяцхан дүү. Бяцхан дүү минь дээ, чи эгчдээ үнэнээ хэлэх хэрэгтэй! Гагцхүү чин үнэнийг хэлэх ёстой шүү!

-Би амлаж байна. Би үнэнийг хэлнэ. Тэр үед нулимс урсч байгааг мэдэрлээ. Цонхны салхивч нээлттэй тул түүгээр үлээх салхинд цэцэгсийн дэлбээ үл мэдэг цохилно. Шилэнд туссан гэрэлд тавцан дээрхтэй андуурамгүй адилхан савтай цэцгүүд үзэгдэх бөгөөд цаана нь өөртэй минь ижил нэгэн хоосон гараа чихэндээ тулгаж, хуруудаа дутуу атгаад яг л утсаар ярьж буй мэт зогсох ажээ. Магадгүй энэ тусгал үнэндээ тусгал биш болж таараад үүнтэй ижилхэн үйл явдал зэрэгцэн өрнөж байгаа нь нулимс гүйлгэнэсэн нүдэнд бүрэлзэн харагдлаа ч гэсэн хоосонг атгасан гарныхаа тухай бодох тэнхэл энэ л мөчид ой ухааныг хэчнээн хүчилсэн ч гарж ирэхээргүй гүнд нь нуугдчихсан байв.

-Зүгээр дээ. Зоос хоёр талтай байдаг шиг эхлэл янз бүр байдаг шүү дээ. Заримдаа зөвхөн эхлэл нь сайхан санагддаг. Үргэлж жаргалтай, баяр хөөр нь хэзээ ч арилшгүй мэт. Цаг хугацаа яг л энд зогсчихоод зүү нь өнө мөнхийн ганцхан хормыг зааж байх шиг... Гэтэл эхлэл хамгийн хүнд мэт үйл явдлууд олон тохиолддог. Жишээ нь би анх удаа урт цагаан цув авах уу, таримал цэцэг авах уу гэдэг шийдвэрийн өмнө зогсож байлаа. Тэгээд би цэцэг биш цув авчихсан юм. Ингээд л амьдралаа шинээр эхлэнэ гэж бодсон. Хэн гэтэл ийм шийдвэрээс болж түүнийг амиа алдана гэж санахав дээ. Нөгөө зоосны хоёр тал гэдэг чинь энэ. Чи эгчдээ амласан болохоор санаа амарлаа. Үнсье. Бяцхан дүү минь.

Бэлгэвчгүй үед дур тавих мөчийг захиран удаашруулна гэдэг их хэцүү. Яг түүн шиг дуудлага тасартал уйлсаар байлаа. Бүр мэгшин уйлж зогсосноо гэнэтхэн л анзаарч зүүн гарынхаа ханцуйгаар нулимсаа арчаад цонхонд тусах өөрийнхөө дүрийг ширтлээ. Бүх зүйл “гэнэт” л байдаг жамаас юмс огтхон ч хөндийрч өөрчлөгдөхгүй юм даа. Зайлшгүй энэхүү “гэнэт”-ийг жишээ татаж улиглах шаардлага тулгарна. Тиймээс гэнэт л баруун гарт минь ерөөсөө утас байхгүйг, би гадагш агаар амьсгалахаа гарахдаа л энэ өрөөнд залгаад үлдээчихсэн гэдгээ санав. Ийнхүү цонхоос хөндийрч ширээ рүүгээ өнгийвөл анх гарахдаа орхисон тэр л хэвэндээ, утас минь залгаатай чигээрээ байх аж.

Би утсаа шүүрэн авч эгчийн дугаарыг хайж олов. Ногоон товчлуурыг дээр дээрээс нь давхцуулан дарахад хуруу минь чичирч байлаа. Харилцуурын цаанаас автомат хариулагч “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэх нь дуулдав. Тэгсэн ч би дахин дахин залгаж “Энэ чинь шудрага биш шүү дээ, ерөөсөө ч шудрага биш. Та үнсэх ёсгүй байсан. Тэр үхэх ёсгүй байсан. Энэ чинь ерөөсөө ч шудрага биш” хэмээн орилов.

Жаахан тайвширч аваад цонх руу эргэн харвал таримал цэцгүүд баяртайгаар инээмсэглэн толгой дохиж үзэгдэнэ. Энэ шөнө лав тэднийг услахгүй хэмээн бодлоо.

 

Түр хүлээнэ үү...
Top