Б.АЛТАНХУЯГ: ДУРСАМЖИЙН УНААНД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ
2020-04-18 Б.Алтанхуяг 504

ДУРСАМЖИЙН УНААНД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ

I.

Өрөөгөө олж хэсэгхэн хугацааны дараа тухалж аваад би шуудхан чихэвчээ зүүсэн юм. Дуртай сэтгүүлчийнхээ нийтлэлээс уншиж байсан өнөөх “Араб алчууртай хүү” дууг эгшиглүүлж явлаа. Зам нийлсэн хүмүүс маань бүгд л өөр өөрсдийн өрөөнд олуулаа бужигнаж явахад би ганцаараа сондгойрчихсон байв. Манай купенд хижээл насны эгч хоёр зээ охинтойгоо зорчиж явна. Хоёр охин нь эмээгээсээ үргэлж л элдвийн зүйл шалгаах тул өнөөх эгч надтай үг солих тун завгүй. Энэ нь ч таатай санагдав.

Өнөөх “Араб алчууртай хүү”-ийн араас “Of Monsters and Men” хамтлагийн дуунууд эгшиглэнэ. Автобус юм уу галт тэрэгний алинд ч урт зам туулан явахад энэ л хамтлагийн дуунууд хань болоод байх шиг... Хамгийн түрүүнд уншихаар зэхсэн “Испани өгүүллэг, тууж” номыг нээж нэлээдгүй гүйлгэж байтал “Зөвхөн сайн юм уншина гэдгийг чинь мэдэж байна. Роман ч байсан хамаагүй, унш. Бодит түүх гэлцдэг юм үнэндээ романаас дээрдэхгүй. Хүмүүсийн хов жив, цуу яриагаар тархиа дүүргэж байснаас ном уншсан нь хавьгүй дээр. Гэвч чамд баяр хөөр, намуухан таатай тайвшрал бэлэглэх номууд уншаарай...”гэсэн өгүүлбэр тааралдав. Яг л аялалд гар, хол замыг туул, хүмүүсийн дунд ганцаардаж сууснаас тэр нь хавьгүй дээр. Чамд баяр хөөр, намуухан таатай тайвшралыг бэлэглэх болно гэсэн үгс л ар араасаа хөвөрч байх шиг мэдрэмж төрнө.

Ардчилалын хараацайнуудын нэг болох “Хөх толбо” сонины эрхлэгч Б.Эрдэнэбаатар “Хэдий хол явна төдий чинээ” сайн бичнэ хэмээсэн байдаг. Алс замд гарах бүрийд энэ үгийг тэмдэглэлийн дэвтэрт хамгийн түрүүнд бийрлэх бөгөөд цаашид тосох олон олон учралын дохионд сэтгэл өөрийн эрхгүй догдолчихсон байх нь бий.

Хамгийн анх “Улаанбаатар Төмөр замын зогсоол” дээр ирэхэд би хэдийнэ 20 нас хүрчихсэн байлаа. Түүнээс өмнө галт тэрэг гэгчийг зурагтаар харж, хааяа нэг хот орох замд зурвасхан тааралдах дүр зургаар л бүрэн төсөөлдөг байв. Хүүхэд насны өдрүүдэд тэрхүү мурилзсан төмөр галт тэрэг цаг ямагт л харь гаригийн биет, эсвэл ямар нэг өөр ертөнцийн унаа мэтээр бодолд амилах нь олонтаа. Тэр л үед галт тэргэнд суучихаад цасан цагаан тал ширтэж явахад юу төсөөлөгдөх нь хамгийн сонирхолтой санагддагсан. Умрын тэнгэр дор цас намуухнаар хаялж, би цонхоор нь ширтэж явна. Заримдаа энэ тухай бодох бүрийд дотор минь өөр нэг жаалхүү амилан босоод “Харри Поттер” зохиолд гардаг шиг шидэт дохиуртай баатруудын дунд хүргэнэ гэж итгэнэ. Хожим нь бодоход галт тэрэг миний бага насандаа төсөөлж байсан шиг ид шидийн унаа байгаагүй. Харин бодит амьдралын тэс ондоо хором мөчүүдийг амтлуулж, нүдний минь өмнө амар амгалан, олон хөлийн газрыг нэгэн зэрэгцээ шугам дээр нээж орхисон юм.

Галт тэрэг зорчиход төвөгтэй эсвэл бүр залхуутай ч гэмээр унаа шиг санагддаг. Гэсэн атал цаана нь нэг тийм тайвшрал үргэлж агуулагдаж байдаг учраас л өөрийн эрхгүй нисэх онгоцонд бус галт тэргэнд ороод суучихсан байх нь бий. Дассан газраас нь шуудхан л аваад одчихдоггүй, алгуурхнаар урагшлах төмөр замын чимээ хэдийн танил дотно.

II.

Хол замд гарна гэдэг цэцэрлэгийн нас минь өнгөрснөөс хойш л сумын төвөөс гарч улсын нийслэлээ зорих хэмжээнд хязгаарлагдахаа нэгэнт больсон байв. Би газарзүйн зурагт ном юм уу эсвэл зурагтаар үздэг, хилийн чинад дахь тэр л оронд зочилж байж хол явахын баяр баясал, гэрээ санаж гэгэлзэхийн уй гунигийг амтлах юм шиг санадаг байлаа. Гэвч бүх зүйлс хүссэний зоргоор өрнөж байсан нь нэг ч үгүй. Амьдрал ямагт тааварлашгүй, гэнэтийн зүйлээр дүүрэн. Тэр л гэнэтийн зүйлс эргүүлж болохгүй олон алдаа, эргэн дурсахад дотно дулаанаар мэдрэгдэх дурсамжуудыг амьдралд бүтээж өгдөг билээ.

Анх хилийн дээс алхах аялал бүр 19 нас хүрсэн хойно минь Улаанбаатар төмөр замын буудал дээрээс эхэлсэн. Бага насны дурсамжинд хааяахан үзэгдэж өнгөрдөг хотын парк, сумын төвийн наадмын тухай тэнд зогсож байхдаа санагалзаж билээ. Дурсамжинд минь хамгийн олон хүмүүс хөлхсөн газрууд энэ хоёр л байв. Тиймдээ ч төмөр замын буудал дээр анх Хятад орны зүүн хойд хязгаар дахь ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотыг зорихоор үеийн хэсэг нөхдийн хамт зогсож байхдаа бага насны дурсамжиндаа хэсэгхэн зуур автсан хэрэг. Энд төмөр замын буудлаас аль нэг аймаг юм уу сум, хотын захын дүүрэг тийш хүн авч явах унаа тэрэгний жолоочид зорчих газрынхаа байршил, чиглэлийг хэлж хоолойгоо сөөтөл хашгирахаас өгсүүлээд чимээ шуугиан тасрахгүй. Нарны далгабар малгатай эмэгтэйчүүд, хар нүдний шилээр гангарсан хөвгүүд, ундаа, мөхөөлдөс, зарж буй худалдаачин охин, халуунаас болж хөлс нь урссан махлаг авгайчуул, янжуур зуун сүүдэр бараадах өвгөд бас ноход, нэг ч удаа дэргэдээс нь ийм ойрхон харж, сонсож байгаагүй төмөр замын чичигнээ болоод айсуй галт тэрэгний хүнгэнэх дуун, дотроос нь инээмсэглэн бууж ирэх, дүрэмт хувцсаа жимбийтэл индүүдэж, гоодож гоёсон нүүрэндээ дулаахан инээмсэглэх тодруулах үйлчлэгч нар, хаа нэг суудлаа эрж тасалбараа үзүүлэн, сандарсан байдалтай гүйх эмэгтэй, харваас дүүрэн хувцас чихээстэй нь илт мэдрэгдэх чемоданыг нь өргөж тус болох залуус, сонин сэтгүүл, ундаа, жимс, хоол, янжуур гэх мэтээр дүүрэн сагс сугавчлах юм уу тэрэг түрж яваа худалдаачид зэргийг нэг дор харсандаа гайхан алмайрч битүүхэн айдас төрөвч дотор минь суудаг өөр нэгэн хүү баярлан хөөрч буйг нь мэдэрч билээ. Өдөр тутамд л аав, ээж, эгч болоод саахалт айлынхнаасаа өөр хүмүүстэй бараг уулзаад байдаггүй малчны хотонд би мэндэлсэн. Хожим арван жилд сурч байхдаа юм уу, олон залуус хөлхсөн их сургуулийн өрөө, тасалгаа, Бага тойруугийн гудамжинд ч ийм олон хүн өөр, өөр үйлдэл хийж, энгийн ахуйд суудгаасаа тэс өөр дүр төрхөнд нэгэн зэрэг хувилсан байхийг олж хараагүй юм.

“Монгол орны лавлах” номонд “Монголын төмөр замын нийт нь урт нь 1200 гаруй километр бөгөөд Транс Сибирийн төмөр замын нэг хэсэг юм. Эдүгээ Монголын төмөр зам жилд ойролцоогоор 3.5 сая зорчигч, 16.8 сая тонн ачаа тээвэрлэдэг. Хамгийн урт цувааг 80 вогантойгоор  2010 онд зохион байгуулжээ” хэмээн дурдсан нь бий. Өдгөөгөөс яг арван жилийн өмнө 80 чингэлэг бүхий урт галт тэрэг төмөр замаар хойд хөршийг чиглэн хурдалж явав. Анхлан 1938 оны үеэс Улаанбаатар хотоос Налайх дүүргийн чиглэлд уурын галт тэрэг явж эхэлснээс хойш хүмүүсийн аж ахуй, улс хоорондын харилцаанд хамаарагдах баялаг түүх төмөр замд бий нь мэдээж.

“Улаанбаатар” хэмээн крилл болон латин цагаан толгойн том үсгүүдээр бичсэн хаяг бүхий хоёр давхар саарал барилга хэдэн жилийн өмнөөс засвар хийн шинэчлэгдэж, зоригчсдын хэрэгцээтэй бүхэн дотор нь багтах болсон. Харин түүнээс өмнөх хуучивтар барилгын зургийг ахынхаа аппаратан дээрээс харж суухдаа нэг тийм хөнгөн гунигт автаж билээ. Олон хүний дунд орчихоод хэний ч анхаарал татахгүйгээр нам гүмхэн суудаг хүн байдаг даа, яг л түүн шиг олны хөл, чимээ шуугиан дунд төмөр замын буудлын барилга ганцаардаж ганихарсан нэгэн шиг төсөөлөгдөх нь бий. Тийм ч учраас алсад зорчихоор зорин очих бүрт л аяны замд үдэж мордуулахаар ирсэн ойр дотны хүн шиг санагдана.

III.

Манай купенд хижээл насны эгч, хоёр зээ охинтойгоо хамт зорчиж явав. Бид хэн хэнийхээ нэрийг асууж танилцсангүй. Эгчийн том чемодантай хувцсыг суудлынх нь доод талын хайрцагт хийж туслав. Мөнхүү хоёр зээг нь дагуулан явж бие засах газрыг зааж өглөө. Өнөөх эгч маань өөрийн цүнхэлж явсан чацарганаас гарган найруулж дайлав. Хэн хэнийхээ нэрийг мэдэхгүй ч бид үйлдлээрээ ойлголцчихсон учир хаа нэг асуусан асуултанд нь хариулна уу гэхээс өөрөөр бараг хоорондоо хуучлалгүй явсан юм. Харин халуун чацаргана уух үедээ нэлээд ярилцав.

Зээ охидынх нь эцэг эх Австралид сурч, ажиллаж байгаа гэнэ. Охид нь харин Монголд эмээ дээрээ байдаг ажээ. Бага нь ирэх жил сургуульд орно. Харин том нь “Г.В.Плехановын нэрэмжит орос дунд сургуульд” сурдаг гэнэ. Охид Ирланд улсад төрсөн бөгөөд тус улсын иргэд гэдгээр бүртгэлтэй байдаг ажээ. “Уг нь аав, ээж хоёр нь улсдаа бүртгүүлнэ гэж байгаад гэнэтхэн л тус улсын иргэд болгохоор шийдсэн. Ер нь тэгээд хүний хамгийн том асуудал нь эрх чөлөө шүү дээ. Түүнийгээ эдэлж байгаа хүмүүс ямар улсын иргэн болох нь надад хамаагүй санагдаад нэг их юм хэлээгүй. Манай оронд ажиллаж, амьдрах таатай нөхцөл тийм сайн бүрдээгүй, дээр нь эдийн засаг муу. Тиймээс ч Ирландын иргэн болох нь дээр санагдсан. Гэхдээ энэ чинь өөрсдийн угсаа гарвал, уламжлал соёлоо ядаж мэддэг байх хэрэгтэй гэдэг утгаар нь өөр дээрээ авч эх оронд нь өсгөж хүмүүжүүлж байгаа юм. Бас ийш тийш явж газар үзнээ, бид гурав. Энэ удаад ч яахав хальт Эрээн орж үйлдвэртээ хэрэгцээтэй хэдэн бараа авч унаанд тавиулчихаад буцах юм. Эргэж Улаанбаатар ороод хэд хоногоос Сэлэнгэ явна. Хүйт орохоос өмнө охиддоо нутаг усаа үзүүлэх санаатай” хэмээн хуучлав. Ингээд өнөөх нүдэнд дулаахан, зочломтгой эгчийг Сэлэнгэ аймгийн уугуул гэдгийг мэдэж авав. Би ч мөн өөрийнхөө тухай хэдэн үг хэлж танилцууллаа. “Сэтгүүлчийн ажил их сайхан даа. Хүнд хүчир юм бол мэргэжил бүхэнд байдаг байлгүй. Эгч нь аян замын тэмдэглэл их унших дуртай. Багадаа сэтгүүлч болоод ийм сайхан тэмдэглэлүүд бичнэ дээ гэж мөрөөддөг байлаа” гэхүй нүүрэнд нь дулаахан инээмсэглэл тодорно.

Өөр купенд багаараа байрласан найзууд маань үе үе эргэж, “орж ирэхгүй юм уу, за яасан өрөөнөөсөө гарахгүй юу хийгээд байдаг юм, эгчтэй танилцаж амжаа юу, ямар хүн байна” гэх мэтээр асууж шалгаана. Тодорхой сайхан хариулт хэлчихмээр асуулт харин сонссонгүй. Тиймээс ч дуугүй инээмсэглээд өнгөрлөө. Хоёр охин дээд талын орон дээр унтахаар болж, би багийнх нь хучлагыг шинэхэн цагаан даавуунд ууталж, ор засахад нь туслав. Тэд эмээгээсээ байнга л нэг юм асууж шалгаана. Харин өнөөх эгч тэр бүрт нь төвөггүй хариулж байлаа. Галт тэрэгний үйлчлэгч эмэгтэй үүдээр зөрж өнгөрөх юм уу, ямар нэг хэрэгтэй зүйлс бидэнд өгөх, сануулахаар ирэх бүртээ өнөөх хоёр охинд чихэр өгч, найрсаг инээмсэглэлээр шагнана.  

Галт тэрэг уухилан зүтгэсээр, цонхны цаана хэдийн харанхуй болжээ. Унтахаар хичээсэн ч нойр хүрсэнгүй. Харин галт тэргэнд ширээний гэрэл шиг, толгойн хавьд дүүжлээстэй гэрэл байдаг аж. Өнөөх эгч “орны чинь толгой хавьцаа нэг гэрэл бий” гэж хэлэхэд нь л мэдсэн юм. Ингээд би цүнхэлж явсан номуудаас нэгийг нь сонгож аваад дэлгэв. Галт тэрэгний түр тархийх чимээ сонсогдовч, ямарч шуугиантай орчинд анхаарлаа сарниахгүйгээр ном уншиж төвлөрч, сурсан нь азтай хэрэг.

Өдрийн олон хүн холхиж, замдаа гарахын өмнө чимээ шуугиан, хөл хөдөлгөөн дүүрэн байсан галт тэргэн дотор яг одоо надаас өөр сэрүүн хэвтээ хүн үгүй байна уу гэлтэй ажин түжин. Тэрхүү анир гүмд галт тэрэгний тар няр хийх өнөөх чимээ харин ч хань болоод байх шиг...

IV.

Бидний нөхөд зорьсон газартаа очиж сар гаруй хугацаанд Өвөрмонголын их сургуульд суралцаж, Хөх хотын дурсгалт газруудтай танилцан, найз нөхөдтэй болцгоосон. Бичиж буй зүйлд минь тэр бүгд огт хамааралгүй тул нурших шаардлагагүй биз. Харин буцахдаа бид автобус болон ямар нэгэн унаа тэрэг хөлслөхгүйгээр ахин галт тэргийг сонгож билээ. Энэ удаад тусдаа купенд биш нийтийн суудалд зорчихоор болов. Олдсон тасалбар нь тэр юм л даа.

Нийтийн суудалд ч бас хоёр хүний дунд тусдаа нэг ширээ, мөн тус тусын сандал ноогдоно. Заримд нь бас чиг нуруугаа амрааж болох ор байв. Бид бүх л ортой суудал ноогдсон тасалбараа охиддоо шилжүүлж өглөө. Хүмүүс өөр өөрсдийн суудалд тухалж авсны хойно ч галт тэргэнд зоригсдын шуугиан намдсангүй. Зарим нь хол замд, уйтгартай гэмээр урагш нэгэн жигд зүтгэх галт тэрэгний хөдөлгөөнөөс залхсан даа ч юм уу ам хуурайгүй л ямархан нэг зүйлийг ярилцана. Галт тэрэг орой хөдөлсөн болохоор цонхоор ширтэж гадаах орчныг ажиглах боломжгүй болжээ. Авч явсан хэдэн номоо сарын турш ноолсон болохоор даруйхан шиг унтахаар зэхэв.

Өглөө нь сэрэхэд цасан цагаан тал хөндий, хээр хоносон тэргэл сар биднийг угтсан юм. Хөх хотоос навч нь дөнгөж шарлаж эхлээд байхад замд гарсан хэдий ч нэг л хоногийн дотор монгол орныхоо сэнгэсэн агаар нь цонхон цаанаас харахын төдийд л мэдрэгдэх цангинасан өвөл дунд буучихсан нь энэ. Нүд алдам ээрэм тал цасан хучлаганаас өөр зүйлгүй. Хааяахан өртөө газар таарвал л хэдэн тоосгон байшин, бөмбийсөн цагаан гэр, ганц нэг хүний бараа харагдана. “Хүүе Монголд хэдийн өвөл болчихож, цас ямар гоё харагдаж байнаа” гэх зэргээр нөхөд маань хоорондоо ярилцах сонстоно. Аль нэг газарт удахаар өсөж төрсөн нутаг ус, ээж аав санагдаад болж өгдөггүй шүү дээ. Яг л түүн шиг тэд минь ч бас эх орныхоо өвлийг санаж дээ гэсэн бодол төрөв.

Өвлийн цагт амралтаар гэртээ харьчихаад буцах болоход аав минь эгч бид хоёрыг чарган дээр нуруу, нуруугаар нь харуулж суулгачихаад, хөлийг минь чарган дээр дааруулж сайтар уячихаад чирч явдаг байж билээ. Хэн нь урагшаа харж суух вэ гэдэг маргалдаанд үргэлж л эгч ялдаг байсан. Аав минь “эгчийгээ хүндлэхгүй байна уу даа” гэсэн үг хэлэхэд нь би дуугаа хурааж, дотроо чимээгүйхэн гомдсоор буруу харж суудаг байлаа. Цасан байлдаанд хүртэл дандаа эгч ялдагсан. Би харин сургуулийн нэг ч хүнд цасаар нүүрээ угаалгаж үзээгүй юм даг. Учир нь миний нүүрийг цасаар угаахаас хүүхдүүд айдаг байв. Яагаад гэвэл эгч маань хамгийн том биетэй, бас хамгийн хурдан нь байсан. Цасан өвгөн хийхэд ч бас эгч л хамгийн гоёор урладаг байсан санагдана. Би лав хэзээ ч эгч шиг ямарч өөгүй цасан бөмбөлөг хийж чадаагүй санагдана. Бодоод байсан чинь эгчийгээ үргэлж шоглоод уйлуулчихдаг байсан хэр нь цастай холбоотой бүхий л дурсамж минь эгчийн ялалтаар өндөрлөдөг байжээ.

Галт тэрэг одоо Богд уулын зүүн сугаар нийслэл хотын зүг уухилан зүтгэнэ. Хүмүүсийн зарим нь хувцсаа өмсч, цүнх саваа эмхлээд буухад хэдийн бэлэн болчихсон байв. Ойртох тусам түргэхэн шиг буухыг хүсч байгаа бололтой. Надад харин ахин хэдэн цаг галт тэрэгний цонхоор бодол хөвүүлэн зорчих хүсэл төрж байлаа. Үзэж хараагүй шинэ газар нутгийг өөртөө нээхээс илүүтэй үлдээсэн дурсамж бүрээ цэгцэлж болмоор, тэмдэглэлийн дэвтрээ нээгээд алгуурлалгүй бичмээр... Галт тэрэг бол чухам л дурсамжийн унаа юм. Сүүлчийн зогсоолдоо дохио хангинуулан зогсох мөч хүртэл нь би эгч, аав хоёртойгоо хамт өнгөрүүлсэн өвлийн тухай дурсамжуудыг, энд бичсэнээс илүү ихийг нэхэн санасан. Одоо харин ерөөсөө мартахгүй.

Б.Алтанхуяг

 

 

 

Түр хүлээнэ үү...
Top