“НОХОЙН ХЭВТЭР”-ИЙН ФЕНОМЕНОЛОГИ
2018-01-02 Б.Алтанхуяг 763

1920-оод оны үеэс “Монголын шинэ утга зохиол анх үүсэн хөгжиж байх үеэс эхлээд өөрийн хөгжлийн нэг замыг дэлхийн тэргүүний сонгодог утга зохиол ба “Зөвлөлтийн социалист утга зохиол”-оос суралцах хэрэгт хандуулж, европын утга соёлыг дэлгэрүүлэх ажилд орсон1” гэж үздэг.

Зохиолын дүрд тусгагдах сэтгэл зүйн шинэ эрэл хайгуулыг Монголын хүүрнэл зохиолчид 1950-1960-аад оны эхээр хийсэн гэж үздэг бөгөөд мөнхүү 1980-аас 90-ээд оны эхээр Д.Батбаяр, Д.Урианхай, Д.Норов, С.Жаргалсайхан, П.Баярсайхан, Гүр.Нямдорж зэрэг зохиолчид өөрсдийн  уран бүтээлийг шинэ сэргэг дүрүүдээр баяжуулж дэлхийн утга зохиолтой хөл нийлүүлэн алхахыг эрмэлзэж байсан юм.

МУЗ-ын хүүрнэл зохиолын төрөлд шинэчлэл хийж өөрийн бүтээлүүдийг хамгийн энгийн хэрнээ, нууцлаг өгүүлэмжүүдээр цаг ямагт баяжуулж ирсэн зохиолч П.Баярсайханы бүтээлийн талаар нарийн судлагдсан эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмжүүд олноор хэвлэгдэн гараагүй ч өгүүллэг, эссэ бодрол, жүжгийн зохиолынх нь талаар уран зохиол судлаач, эрдэмтэд хэд хэдэн тооны шүүмж, өгүүлэл, судалгааны ажил бичиж хэвлүүлсэн байна.

1991 онд доктор Ч.Жачин “Замын тоос” буюу дүр дүрслэлийн шүтэлцээ” гэх судалгааны өгүүлэл бичсэн нь “Уран чадварын увдистан” (2006) номд нь хэвлэгдсэн бий. Мөн доктор Д.Галбаатар “Давтаагүй хэдэн санаа” (1993), “Төгсөөгүй захидлын үргэлжлэл”, “Төгсөөгүй захидлын төгсгөл буюу “Хөх туурийн тал” дахь “Хүн гөрөөс”-ний бодлогшрол” (2000) цуврал шүүмжүүд хэвлэгдэн гарчээ. Басхүү доктор С.Байгалсайханы “Соц загварын цаасан малгай” /Утга зохиол 1997 №7/, Ш.Цэрэнпил “Логик байгууламж” /Leaders 2003 №5/, доктор Д.Өлзийбаяр, шүүмжлэгч Т.Доржпүрэв, П.Эрдэнэсүх нарын шүүмж өгүүллүүд нийтлэгдэж байв. Мөнхүү Д.Галбаатарын цуврал шүүмжээс харахад Токиогийн Гадаад Судлалын их сургуулийн профессор К.Окада “Нохойн хэвтэр” тууж, өгүүллэгүүд, “Хотын онгон” романы талаар Үмино Микио түүний зохиол бүтээлүүдийг судалж тус сургуулийн “Монгол судлалын салбар”-т эрдмийн зэрэг хамгаалж олны хүртээл болгож байжээ.

Уншигчид ч төдийлөн сайн мэдэхгүй эл зохиолч Монголын хүүрнэл зохиолд зөн билиг, ухамсарын сэтгэлгээний өнгө аяс бүхий дүрүүдийг оруулж ирсэн юм.   Д.Галбаатар “Урлахуйн галыг бадраагч, эндүүрлийг гэмийг ариусгагч зул” (2006) номдоо “Миний үеийнхнээс харьцангуй залуу, авъяаслаг уран бүтээлчийн нэг нь П.Баярсайхан юм. 1970-аад оны дунд үеэс яруу найргаар гараагаа эхэлж, өдгөө монголын уран зохиолын тууьлсын төрөл, тэр дундаа дүрийн сэтгэл зүйн задлаг аргад суурилсан богино өгүүллэг, туужуудын өвөрмөц урлал, уран сайхны нээлтүүдээрээ 1980-90-ээд оны өгүүллэгийг баяжуулж, уран зохиол дахь загварчлал, уран сайхны сэтгэлгээнд бий болсон зогсонги байдлыг өөрчлөхөд шинэ сэргэг зам мөр гаргасан хүн гэж итгэлтэй хэлж болно” гэх буюу “Уран зохиол дахь уран дүрийг хэт туйлшруулан үздэг хуучин үзэл, системийн хандлагыг эвдэн “эерэг”, “сөрөг” гэж ойлгож байсан дүрийн хэлбэршлийг сэтгэл зүйнх нь хувьд бодот байдал руу татан хувьсгаж, хүний эгэл амьдрал, түний түгээмэл жам ёс руу ойртуулан сайнаас мууг нь, муугаас сайныг нь гийгүүлэн гаргаж урлах сэтгэл зүйн шинэ аргыг уран сайхныг практикт нэвтрүүлсэн” хэмээн дүгнэсэн буй.

Ийнхүү түүний зохиолууд дотроос онцгой байр суурийг эзлэх “Нохойн хэвтэр” туужийг олон шүүмжлэгчид шинэчлэл хийсэн бүтээлд тооцдог ч төдийлөн судалж, задлан шинжлэл хийсэн нь үгүй тул “феноменологи”-ийн үүднээс тайлбарлаж, дүрүүдийн сэтгэл зүй болон туужийн ухамсарт байдлын ахуйг тайлбарлаж тайлал хийхийг оролдсон билээ.


ФЕНОМЕНОЛОГИЙН ҮҮДНЭЭС ХАНДАХУЙ  

П.Баярсайхан зохиолчийн “Нохойн хэвтэр” тууж нь зүгээр ч нэг хотын хүний амьдрал, түүний бодол эргэцүүллийн тусгал, бараан дурсамжийн үр нөлөөгөөр дүүрэн зохиол бус гэдэг нь тодорхой. Туужийн гол баатар болох Төмөрийн сэтгэл зүйн байдал, Балган өвгөн болоод авснаас өндийсөн сүнс зэрэг хий биетүүдийн оршин ахуй, бодит байдлаас тусгаарлагдмал, ухамсарын дотоод мөн чанар луу эл туужийн утга агууллага бүхэлдээ чиглэгдсэн байдаг.

Феноменологи нь ХХ зууны сонгодог философийн нэг бөгөөд экзистенциализм буюу оршихуйн гүн ухааны үндэс суурь нь болсон юм. Анхлан Германы философич Эдмунд Гуссерль үндэслэсэн гэж үздэг феноменологи нь 1970-аад он буюу Э.Гуссерлээс нэгэн зууны өмнөх Германы сонгодог идеалист гүн ухаанаас үүссэн гэж үздэг. Германы сонгодог философич Иммануил Кант, “Соцлиазмын үед нэрийг нь дурьдаж болдог байсан цорын ганц идеалист философич1” Георг Вильгельм Гегель нар феноменологи гэх нэр томьёог зохиол бүтээлдээ хэрэглэж байжээ.

Доктор Д.Галбаатар энэхүү гүн ухааныг ололтыг “Феноменологийн үнэ цэнэтэй тал нь хүний ухамсрын бүхий л холбоо, сэтгэл зүйн баримтуудын мөн чанарыг нарийвчлан судалж, урлаг уран зохиолын судалгааг сэтгэл судлалтай гүнзгий холбож өгсөнд оршино. Нөгөө талаар субъектын гоо сайхны мөн чанарыг уншигчийн идэвхтэй үйл ажиллагаатай хослуулан олон талаас авч үзэх чадварт оршино1” гэж тодорхойлсон бол зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзана “Шашны ёс жаягийг судлах хэрэгтэй л дээ, гэхдээ ерөөсөө шашин гэдэг юу болохыг судлах нь илүү чухал. Феноменологийн задлан шинжлэл хүний сэтгэлийн нарийн ширийн рүү, хайр дурлал, ичихийн сэтгэл, шударга ариун гэх мэт рүү нэвтэрдэг, гэхдээ ямагт мөн чанарынх нь үүднээс ханддаг зарчимтай2” гэж уншигчдад тодорхой ойлгогдохоор дэлгэрэнгүй тайлбарласан билээ.

Ерөөс уран зохиол хүмүүний оршин байхуй, түүнийгээ мэдрэх ухамсарт үйлдлийн үр дүн гэж ойлгож болохоор. Зохиолыг судлахад түүн дээр гарч буй үйл явдал, өгүүлэмжүүдийн гүнзгий утга санаа, мөн чанарыг нээхийг феноменологийн төлөөлөгчид зорьж байсан. Кантын үзсэнээр энэхүү гүн ухаан нь “оюунт сэтгэхүйн онцгой үзэгдэл” билээ. Уран зохиол ч мөн ялгаагүй.

Феноменологийн нэрт төлөөлөгчдын нэг Р.Ингардений өөрийн судалгааны объектоогоор уран зохиолыг сонгосон байдаг. Тэрээр “Уран зохиол бие даасан амьд бүтэцтэй төдийгүй хүний амьдрал, түүний мөн чанарыг нэг зэрэг нээх арга зам, судалгааны объект юм1” гэж үзсэн юм. П.Баярсайханы өгүүллэг, тууж, жүжгийн зохиолуудад дүрээр дамжуулан хүний амьдралын утга учир, оршихуйн мөн чанарыг тодорхойлохыг зорьсон сэтгэл зүйн өвөрмөц шинжтэй дүрүүд олон буй.

Тиймээс түүний зохиол бүтээлүүдийг ухамсар хийгээд түүний цаад мөн чанарыг нээх зам буюу феноменологийн үүднээс судлах нь чухал ач холбогдолтой юм. П.Баярсайхны туйлийн бодот ухамсрын чинадаас л мөн чанарыг эрэлхийлэхийг зорьсон жишээ нь “Хөх туурийн тал” өгүүллэгийн Лувсан өвгөний сэтгэлд буух тоос, “Сармагчин бол сармагчин” өгүүллэгийн хүүгийнхээ амралгүй мод хагалж суугааг хараад “-Амар даа миний хүү! Эцчихлээ...” гэж хэлээд нүдийг нь нулимс бүрхэх Дэлэгийн эх, “Тавиул” өгүүллэгийн үхэр туун ирэх өвөөгөө тосон гүйх жаалхүүгийн нүдэнд гүйлгэнэх усыг нулимс гэж андуурмаар өвлийн илч муутай наранд гялтганах дүрслэлүүдээр илэрдэг.

“НОХОЙН ХЭВТЭР” ТУУЖИЙН ФЕНОМЕНОЛОГИ

Тууж бүхэлдээ нэг санаанд тулгуурлан бүтээгдээгүй нь тодорхой байна. Төмөр гэдэг хүний бодол ухамсар, хийсвэрлэлт сэтгэхүйд тулгуурлагдан бичигдсэн энэхүү туужид хэд хэдэн тайлал хийж болно. Ерөөс плюраль шинжтэй уран зохиолын үндэс суурь, туурвил зүйн онцлог нь цорын ганц утга санаанд үл зангидагдсан байдаг. Тиймээс л эл туужийг феноменологийн үүднээс шинжилж, дүрүүдийг задлах нь хамгийн зүйтэй болов уу. Феноменологи нь орчин үеийн хүний оюун санааны ертөнцөд гүнзгий нэвтэрч, хүний ухамсарын бүтцийг задлаг аргаар судлан дэвтэрлэг гаргаж ухамсарын бүх хэлбэрүүдэд бодитойгоор үйлчлэх, нийгмийн амьдралд боджих боломжтой оюуны үйлийн шинэ хэв маягийг нээх зорилт тавьжээ. Үүгээрээ ч феноменологи нь оюуны гоц үзэгдэл болсон юм. Энэ үүднээс “Нохойн хэвтэр” тууж нь ухамсарт чиглэгдсэн, хүний оршин ахуйн сэдвийг хөндсөн томоохон бүтээл гэж үзэж болно. 

Р.Уэллекийн тэмдэглэсэнчлэн: “Хүний ухамсарт үүссэн дүрийг бодит байдлын тусгал биш гэж нотлохын аргагүй боловч бас түүнтэй давхцуулж үл болно. Уран сайхны дүрслэл нь бодот бус болохоор түүний бодот агуулга, учир утгын талаар ярихын ч хэрэг алга. Ийм учраас уран бүтээлийн эх сурвалж нь бодот бус зохиомол ертөнц ажээ1”.

Тэр ертөнцөд туссан гол дүрийн баатарын ухамсарт анхлан буусан бодот байдлийн тусгал нь “цэцгийн мандал”-аар амилна. Дурсамж дотор амилах цэцгийн мандал, цаг хугацааг үгүйсгэгч ес эхлэхийн өмнө хэнзэлсэн ногоо, түүнийг сүйтгэгч морин тэрэгтэй өвгөн зэргийн тухай бодит үйл явдал бус, ухамсарт нь хадагдаж үлдсэн бодлуудаар тууж эхэлж байгаа нь энэ зохиол дан ганц реализм бус оюун санааны ахуйд тулгуурлагдсан, бодит ухамсрын шинжтэй болох нь тодорхой харагдана.

“Гуссерль ухамсар гадаад ертөнцөд хандсаныг хүлээн зөвшөөрч өдөр тутмын амьдрал, шинжлэх ухааны үйлст хүүмүүс ухамсараас хамаарахгүй, объектив гадаад ертөнц байгаад л итгэдэг. Энэхүү гадаад ертөнц бол тусгай шинжлэх ухааны судлах зүйл мөн. Философийн судлах зүйл бол ухамсар, гадаад ертөнцтэй холбогдох хүмүүсийн бодит ухамсар биш, ямар нэг санааны ахуй мөн. Энэ бол хүнд байдаг боловч хүний гаднах, туйлын ахуй, цэвэр ухамсрын ертөнц болой. Чухамхүү энд л туйлын үнэн мэдлэг байх агаад мөн чанарыг шууд бясалгах замаар хүрч болно1” /Д.Дагвадорж “Гүн ухаан” УБ.1999. 34-36 дугаар тал/ гэжээ.

Энэ үүднээс харвал “Нохойн хэвтэр” туужид хоёр шугам бий. Нэгдүгээрт Төмөрийн хүрээлэн буй орчин буюу бодит ухамсрын ертөнц. Хоёрдугаарт туйлийн ахуй буюу цэвэр ухамсарын ертөнцөд болж буй үйл явдлууд юм. Оросын суут зохиолч М.Булгаковын “Мастер Маргарита”, зохиолч Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод” романд гардаг шиг ер билгийн шугамууд ч туужийн дотор онцгой байр суурь эзлэнэ. Ерөөс оршин буй зүйлсийн бодит болоод хийсвэр орон зайн тусгалд хариулт өгч чадсан даацтай туужуудын нэг бол “Нохойн хэвтэр” юм.

НЭГДҮГЭЭР ШУГАМ БА БОДИТ УХАМСАР

Зохиолын гол баатар Төмөр бол өөрийн оршихуйтайгаа цаг ямагт зөрчилдөж ухамсартаа үл захирагдахыг хичээж байдаг. Гэвч санаснаар үл болно. Аливаа үйл явдлуудын мөн чанарыг хайж олоход л өөрийн оюун санааг цаг ямагт чиглүүлж байдаг энэ хүний дүрээр П.Баярсайхан зохиолч үзэгдэж буй юмсын утга учрыг тайлахад чиглэгдсэн феноменологийн асуудлыг хөндөж гаргасан нь хачирхалтай.

Туужийн эхлэлд өгүүлэгдэх цэвэр ухамсарт явагдаж асан Төмөрийн өнгөрсөн жилийн дурсамж үгүй болохтой зэрэг нэгэн том нохой түүнийг дайрах шахам өнгөрдөг. Зохиолын жинхэнэ эхлэл нь энэ мэт санагдана. “...Эгц өмнөөс нь үс ноосондоо дарагдсан лүглэгэр том хар нохой овго овго харайсаар ирэхүйд тэрбээр хажуу тийш алхам зайлан зам тавьсан ч баргийн дааганаас давилуун саахь амьтан бүдүүн саглагар сүүлээрээ цувны нь хормойг эргэтэл шавхраад өнгөрлөө”. Төмөр үүнд дургүйцэж “...хулхинд нь хорголын чинээ тугалга цутгахад л гүйцэх сэн” гэх буюу нохой нүүрэн дээгүүр нь гишгэчээд өнгөрөх нь шиг бодлууд тархинд нь бууж өөрийн бодлоо шоолохдоо “Тэр мангар амьтан нээрэн нүүрэн дээр гишгэлж гэнэ! Амруу сарьчихаагүй нь зол зэхий яа!” гэж уурссан бодно.

Нохой түүнийг дайрчих шахан өнгөрсөн нь Төмөрт хангалттай баримт болж байна. Тиймээс түүний ухамсарт өнөөх том нохой нүүрэн дээр нь гишгэлж байх шиг бодол төрөх нь бодит зүйлээс мөн чанарыг хайж буй хэрэг. Зохиолын туршид энэ нь үйлчилнэ. Ерөөс баримтаас мөн чанарыг нь хайж, ухамсарыг эд зүйлс рүү буцаан хөтлөх нь оюуны хамгийн томоохон туршилт гэж олон философичид дүгнэн үздэг. Нэг ёсондоо нохой бол Төмөрийн хувьд аливаа зүйлсээс мөн чанарыг нь эрэлхийлэх далд ухамсарын “анхны хэлбэр” нь болж өгч байна. Хажуугаар нь том соёогоороо урчих шахам өнгөрсөн нохой “ээ хөөрхий минь эзэн рүүгээ” яарч гээд хоцрох нь энэрэнгүй сайхан сэтгэлт хүний дүр бөгөөд давуу ухамсарын илрэл боловч өөрийн мэдэлгүй уурсан бухимдаж байгаа нь жинхэнэ ухамсар гэж хэлж болмоор. Хэн ч гэсэн дотроо дайрчих шахам өнгөрсөн нохойн хойноос харж зогсохдоо түүнийг дотроо жихүүцэж, хараан зүхэх нь биологийн талаас ч байж болох хамгийн үнэн дүр төрх билээ. Энэ л далд ухамсрын нөлөөгөөр юмсын цаад учир шалтгааныг тайлж болно.

З.Фрейд “Психоанализ” хэмээх суут бүтээлдээ “Хүн биохимийн тасралтгүй үйл явц дунд оршиж байдаг нэг зүйлийн бичил үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр нь асар их эрчим хүч ялгаруулж байдаг агаад чухам тэр эрчим хүчний ачаар бид амьд явж байдаг” гэжээ. Доктор С.Энхбаяр “Фрейд үүнийг дур хүслийн эрч хүч буюу “либидо” гэж нэрлэсэн” хэмээсэн байна. Харин феномен судлалын үүднээс тэрхүү эрчим хүч нь “ухамсар” байдаг.

Зохиолч Г.Аюурзана “Бид морин хуур, шанз, ятга, ёочингийн аялгууг тус тусад нь сонсож суугаад эцэстээ мөн чанарынх нь тухай, үндэсний хөгжмийн тухай л ярьдаг шүү дээ. Тэгэхээр баримт өгөгдсөн л бол, анхнаасаа мөн чанар нь өгөгдсөн гэсэн үг юм. Аливаа зүйл ухамсарлагдаж байгаагийн гол учир мөн чанарт л байгаа хэрэг” гэж энгийн уншигчид гойд ойлгогдох хэмжээнд тайлбарласан байдаг. Тиймдээ ч Төмөр өөрт харагдаж буй бодит зүйлсийг ухамсарлаж, үүндээ тулгуурлан өнгөрсөн дурсамж руугаа үргэлж буцдаг. Энэхүү дурсамж, бодлууд нь Төмөрт анхнаасаа өгөгдсөн мөн чанар юм. Гагцхүү мөн чанараас өөрийн амьдралын утга учрыг олохын тулд тэр бодсоор л байдаг.

З.Фрейдын онолоор “далд ухамсар” нь хамгийн үнэн зүйл. Өөрийн оюун ухааныг удирдаж, бодит зүйлс рүү нэвтрэх цорын ганц зүйл нь ухамсар. Тиймдээ ч хүн төрөлхтөн өөрсдийн оршихуйг бусад амьд организмаас ондоогоор бүтээж чадсан. Энэ тухай доктор С.Энхбаяр “Хүн бол нэг төрлийн амьтан учраас амьд организмын хувьд баавгай, чоно, бор шувуу зэргээс огтхон ч ялгаагүй адилхан л мах цусанд төрсөн, үхэх төрөх тавилантай бодгаль бөгөөд хүн төрөлхтнийг амьтны аймгаас ялгаруулдаг цорын ганц, гайхамшигт шинж нь ухамсар тул Homo sapiens буюу оюун ухаант хүн гэж тусгайлан ялгаамжаалж тэмдэглэдэг байна. Тиймээс ухамсар сэтгэхүйн үүсэл нь хүн хэзээ үүссэн бэ? гэдэг асуултын хариу болдог3” гэжээ.

Туужийн гол баатар Төмөр үргэлжлүүлэн цааш явсаар оршуулгын цуваатай таардаг. Үйл явдал яг энэ хэсгээс өрнөж эхлэх ба зохиогчийн зөн совингийн шинжтэй бичлэгийн онцгой өнгө аяс илэрч харагддаг.

“Авс алдууруут гозосхийн босоод ирэв. Энэ сацуу хүүрийн нүүр толгойг бүтээсэн хуучин хадаг гулсан унаж цаанаас нь орь залуухан бүсгүй хүний цусгүй цагаан царай мэлсхийн гарч ирээд Төмөрийг ангарайтан цочихын зуур үхдэл гэнэт нүдээ нээж түүнийг гайхаж сониурхсан шинжтэй дүрлийтэл ширтэв”. / П.Баярсайхан “Нохойн хэвтэр” МУЗД “Хөх туурийн тал” 190-р тал/

Феноменологи нь туйлын үнэн ухамсартай хүн аливаа зүйлсийн код, утга учрыг тайлж, таньж, эмх цэгцгүйн дундах эмх цэгцийг бий болгох үзлийг дэвшүүлджг. Өөрийн ухамсар, мэдрэмжээр дамжин эд юмсын мөн чанарыг нээх энэхүү хандлагууд нь оршихуйн филосифи үүсэн бүрэлдэх нөхцөлийг бий болгож өгснийг М.Хайдеггер жинхэнэ утгаар нь харуулсан.

Тэгвэл авсан дотроос ширтэж буй эмэгтэйн нүд, хүнийг амьдаар нь оршуулахаар цааш хөдөлсөн “солиотын цуваа” /зохиолд өгүүлэгдсэнээр/ зэрэг нь бодит ухамсарт өгөгдөж буй баримт бөгөөд гол дүр маань цааш үргэлжлүүлэн мөн чанарыг хайж эхлэх болно. Ингэснээр туйлийн ахуйд юмсын шинж чанар, ухамсарын совинт байдлыг олж нээх үүрэг л үлдэж буй хэрэг.

 “...феномен бол зүгээр нэг үзэгдэл биш, хүний мэдрэмжээр болон сэтгэх явцаар ухамсарт бий болдог тэр л үзэгдэлд хамаатай. Бодол сэтгэхүйгээс эхлээд яруу найраг, зүүд совин, онгодын гүйдэл ч мөн далд ухамсарт тусч буй үзэгдэл билээ. / “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” 55-р тал, орч Г.Аюурзана/

Амьд үхдэл, нохойдоо идүүлмэр өвгөн, идэр есийн хүйтэнд ургасан цэцгийн мандал, хөшигний цаана нуугдсан сүнс, амбаарын мухарт бэлтрэг шиг хярсан жаахан охин бүгд Төмөрийн оюун санаанд өгөгдсөн бодит дүр үү, төсөөллөөс үүдэн гарч, сэтгэх явцад ухамсарт бий болсон үзэгдэлүүд юм болов уу?

<<Наад бүсгүй чинь үхээгүй... амьтай голтойгоо байна. Амьтай голтойгоор барахгүй эрүүл саруул хүн байна шүү дээ. Та нар чинь цөмөөрөө сохорч солиорчихоо юу?! Амьд хүн булшлах нь уу?! Ээ бурхан минь гэж!>> гэж хашгирмаар, залбирмаар санагдлаа. Гэвч Төмөр тэгж хашгирч гуугалсангүй, залбирч мөргөсөнгүй”. Зохиол өрнөх үүтгэл болсон энэ өгүүлбэрээс харахуйд бодит ухамсараас мөн чанарыг эрэлхийлэх сэтгэхүйн хийсвэрлэлт ертөнц ажиглагдана. Иймийн учир хүний сэтгэцийн ухамсарт болоод ухамсаргүй үйл ажиллагаа, байгалын жам ёсны өгөгдөл, тэдгээрийн оршихуйн мөн чанарыг нээн илрүүлэхэд бүхий л анхаарлаа чиглүүлж, шашин, сүнсний шинжийн талаар өгүүлснээрээ уг туужийн гол дүрийн бодит ухамсрын түвшин туйлийн ахуйд холбогдохоос өөр аргагүйд хүрнэ. Тэнд уншигчдийг Балган өвгөн хүлээж байдаг шүү дээ. Яагаав, ул нь ширэм шиг халуун, одогсодтой хөөрөлддөг хувь заяагүй амьтны дүр...

ХОЁРДУГААР ШУГАМ БА ТУЙЛИЙН АХУЙ

Төмөр авсанд байсан эмэгтэйг амьд гэдэгт эргэлзэж, өөрийгөө хий юм харсан гэж итгүүлэхээр оролдох үйлдэл сэтгэхүйн ухамсарт үйлийн явцад өнгөрсөн дурсамж нь сэргэж Балган өвгөнийг санадаг.

Бороотой өдөр, хамгийн сүүлд гэрт нь ирж тэнгэрт дэвшсэн ээжтэй нь ярьж, Төмөрт “-Миний хүү! Ээж чинь тэнд сууж байна! гээд орны доорхи харанхуй руу заадаг Балган өвгөн. Зохиолын гол дүрийн баатар Төмөрийн дурсамжинд амилсан зохиолын чухал дүрийн нэг. Одогсодтой хөөрөлдөж, тэдний захиасыг биелүүлж явдаг, орох орон, оочих аягагүй нэгэн.

“Нутгийнхны хэлдгээр бузар шингэсэн Балган өвгөн гэрт нь хонолоо”... <...>
“-Алив дэрлэх юм авна уу? гэж санаа тавихул өвгөн

-Яах юм?! гэж илт цааргалан,
-Эд нар хэмээн мөн л орны хөндий рүү зааж,
-Намайг шөнөжин бөөцийлчихдөг юм. Өвөө нь алзахгүй алзахгүй... гэсээр баруун хаяанд цааш харан бүхлээр хажуулжээ”.

Ямартаа ч муу муухай бүхэн гүйж ирдэг, өвгөнийг бөөцийлөх сүнс, бугийг зан үйлийн дагуу гэрээс гаргаж цацдаг зүүн урд зүгт өвгөн лав хажуулсангүй. Төмөрийн бодит ухамсарт өгөгдсөн авснаас дүрлийтэл ширтэх бүсгүйн дүр туйлийн ахуйтай холбогдож, мөн чанарыг олох эрлийн зүгт явахдаа ийнхүү сүнстэй ярилцдаг Балган өвгөний дүрийг сэтгэх явцаар дамжуулан ухамсарт биежүүлж байна. Нэг ёсондоо уран зохиолын өөрөө өөртөө оршдог “имманент” буюу дотоод мөн чанар нь Балган өвгөнтэй холбогдох дурсамж хийгээд сэтгэх явцад тодоор илрэн гарч буй хэрэг.

Үхлийн тухай төсөөлөл нь алгуур буюу хожим үүсдэг примитив хүмүүсийн хувьд амьдралын үргэлжлэл нь дэндүү ойлгомжтой зүйл байдаг тухай бид мэднэ. “Хэрэв примитив хүн сэтгэлгээг нь өдөөсөн феноменуудад /Төмөрийн сэтгэлгээг өдөөсөн феномен хүч нь нэг ёсондоо авснаас ширтсэн эмэгтэй болж таарна/ сүнсний тухай төсөөлөл үүсгэн хариу үйлдэл үзүүлж, уг төсөөллөө гадаад ерөнцийн объектууд руу шилжүүлэн зөөсөн бол /ухамсарт ирсэн баримтаас мөн чанарыг хайх/ түүний авир үйлдэл жам ёсоороо байсан бөгөөд түүнд оньсого мэт зүйл үгүй байж”. /З.Фрейд “Онгон шүтлэг ба хорио цээр” 21-тал/

Гэтэл зохиол өөр шугам руу аажуухан гулсч эхэлдэг. Харин унших явцад энэ нь огт анзаарагдахгүй.

“...хөндлөнгийн үхсэн хүүхэн, аль эрт төрөл арилжсан солиотой хөгшин, нэг муу золбин хүүхдээс болж толгойгоо гашилгаж сэтгэлээ зовоохын хэрэг юу байна вэ?

Тэр бүсгүй амьд байсан шүү дээ... гэж Төмөр дахин бодлоо. Түүнд гэнэт, ерөөс энэ ертөнцөд учир утгагүй, холбоо сүлбээгүй юм гэж үгүй, энэ жаргал нь халгиж цалгисан зон олон ч, амьдаараа шарилын газар луу яваа бүсгүй ч, жирийн хүний амьдралаар амьдрах хувь дутсан Балган өвгөн ч, мухай хуруутай тэнүүлчин охин ч цугаа хоорондоо холбоотой, <...>

Алхам бүртээ Төмөрийн дүр өөрт өгөгдсөн баримтаас мөн чанарыг эрж, туйлийн ахуйд хүрэх ч дахин шинэ баримт төсөөлөх, бодох, сэтгэх явцад тархинд өгөгдөж байна. Юнгийн “Бэлгэдэлт амьдрал”-ын “Ухамсарт бус зүйлийн чиг үүргүүд” бүлгийн 459 дугаарыг харцгаая л даа. “Олон хүн өөрсдийнхөө оюун ухаанд, дур зоргийн шийдвэр, оролцоогүйгээр юу ч өрнөх ёсгүй хэмээн үүрэг ролийг нь хэтрүүлдэг”. Тэгвэл Төмөрийн оюун ухаанд өрнөж буй үйлдлүүд эгогоос тэс ондоо бөгөөд бие хүний хоёрдмол шинж чанарын илэрхийллээс үүсэлтэй байх боломжтой. /Английн зохиолч Р.Л.Стивенсон энэ хоёрдмол шижнийн тухай “Доктор Жек болон Ноён Хайдын жигтэй цадиг” роман бичсэн буй/ Аливаа хөндлөнгийн үйлдэлд ухамсарын хариу үйлдэл үзүүлэхгүй байх тухай хичээвч бүх зүйл хоорондоо уялдаатай хэмээх далд ухамсар болоод туйлийн ахуйн мөн чанар Төмөрийн дотор илрэн гарч буйг зохиолоос эш татсан дээрх жишээ илтгэж буй нь лавтай.

“Цонхны баруун хананд номын тавиур, үзүүрт нь хумирсан урт хөшиг үзэгдэнэ. Хөшигний хажууд... хөшигний хажууд, Сахиус минь! Тэнд хүн зогсож байлаа...” <...> “Дээд уруулдаа тод хар мэнгэтэй, үсээ задгай тавьсан, цэнхэр тэрлэгтэй хүүхэн... Нөмрөгний доогуур хөл цухуйсан нь бүсгүй гутал өмсөөгүй, бүр оймс ч үгүй нүцгэн ажээ. Өглөөний австай хүүхэн тэр чигээрээ мөн байлаа.  <...> Ухаанаа гартал айсан Төмөрийг хараад бүсгүй, тэгтлээ айх хэрэггүй гэх шиг инээмсэглэлээ. Авсан доторхи хүүхэн амьд байжээ. Нүдээ нээж харсан нь үнэн байжээ”.

“Ухамсарт бус зүйл бол өнгөрсөн үеийг хадгалсан сав төдийгүй, ирээдүйд буй болох сэтгэцийн нөхцөл байдлууд болон үзэл санааны үр хөврөлүүдийг агуулдаг”. /К.Г.Юнг/ Мэдээж дээрх жишээнээс үзэхэд өнгөрсөн үеийн дурсамж, ухамсарт бус үйлдлийн эсрэгцэлүүдийг гэрт нь ирээд шүглэчихсэн сүнсний дүрээр туужид тусгасан нь зохиолч П.Баярсайханы ур чадварыг илтгэнэ. Тухайн үеийн сэтгэцийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр дотор нь үүсч буй эмэгтэйн сүнсийг өгүүлэх бэлгэдэлт дүр нь үзэл санааны үр хөврөлийг ухамсартайгаар тээж байна. Нөгөөтэйгүүр нэг ёсны ахуйн мөн чанарт хүрч, асуултынхаа хариуг олжээ. “Авсан доторхи хүүхэн амьд байжээ. Нүдээ нээж харсан нь үнэн байжээ.” Тэгвэл Төмөр хүүхний амьд буйг мэдсээр байж хэлэлгүй үхүүлсэн гэх дараагийн асуудал гарч ирнэ.

“Ахуйг ямагт бүрэн дүүрнээр харж, амьдралыг үнэ цэнгүй болгож буй аливаа үйлдлээс зайлсхийх ёстой” /“Орчин цагийн агуаа сэтгэгчид 56-р тал”/ Феноменологийн баримталдаг суурь зарчим энэ. Гэтэл Төмөр ахуйг бүрэн дүүрнээр харж, цааш сэтгэж, төсөөлж чадсан ч гэлээ үнэ цэнгүй болгож буй аливаа үйлдэлд ухамсарт бусаар автсаар явсан билээ. Харин зохиол төгсгөл рүүгээ ойртох тусам үйлдэл багасч буйг дээр эш татсан жишээнээс харж болно.

Хүүхний сүнс гэрт нь хоргодсон учир Төмөр айж ум хумгүй гарч зугтана. Тийм явахдаа гэрэлтэй жижигхэн модон амбаар хараад харайн ордог. Замд нь өнөөх тэнгэр муухайруулдаг ёозгүй өвгөн таарах ба амбаарт урд таарсан золбин охин сууж байдаг. Гэтэл зохиолын эхлэлд хулхинд нь тугалга цутгамаар санагдсан том нохой орж ирэн охины толгой руу сарьчихаад гарахдаа төмрийн нүүрийг хурц савраараа зуран, гадагш харайн гарахдаа лааг унтрааж орхино. Тэгээд...

Тэгээд ... “Пинд хав харанхуй болов. Охин ч Төмөр ч хөдөлсөнгүй. Тийн хэдэн мөч өнгөрөв... Тэгтэл харанхуйд шал шихатнан хөлийн чимээ гарчээ. Удалгүй нэгний хав халуун амьсгаа ар шилнээс нь дахиад цоргин төөнөхийг тэр мэдэрлээ...” Тууж ийн төгсдөг. Яг л Роберт Блохын “Тавилан” өгүүллэгтэй ижил төстэй санагдана. Тэнд “Галт тэрэгний цувааг харанхуй хонгил уруу орохын алдад хэн нэгний халуун амьсгаа Хэннигений хүзүүг төөнөв” /“Аравдугаар сарын наадаан” орч Д.Дашмөнх/ хэмээсэн байдаг. Гэвч хоорондоо эрс ялгаатай, учир нь Хэннигений хүзүүг алуурчны амьсгал төөнөсөн нь илт бол Төмөрийн хүзүүг цэнхэр тэрлэгтэй хүүхний сүнс төөнөв үү, охин тийш дөхөж очсон уу, эсвэл өвгөн орж ирэх таарав уу гэсэн асуултууд ургана. Учир нь эд бүгд холбоотой бөгөөд туйлийн ахуйг эцэслэн тодорхойлоход нэгийг нь ч орхиж болохгүй ба Төмөрийн ахуйг бүрэн дүүрнээр харж, төдийлөн нэмэр болохгүй үйлдэл бүртээ цэг тавьж буйг учирлана.

Харин зохиолын үйл явдлыг эргээд нарийвчлан авч үзэхүл “Бүсгүй ерөөс хий үзэгдэл огт бус, яриангүй амьд хүн зогсож, тэр байтугай өөрийг нь юу юугүй тэвэрч аваад чихэнд нь уруулаа наан үг хэлэхээр зэхэж байх шиг санагдахуй...” гэсэн өгүүлбэр буй. Төгсгөлд ч бас ар шилнээс хэн нэгний халуун амьсгаа төөнөж, хүүхний уруул Төмөрийн чих хавьцаа ирэх шиг санагдана. Магадгүй энэ уншигчийн ухамсарт төсөөллөөр явагдаж буй ухамсарт бус процесс, хий хоосон гаргалгаа байж болох талтай. Гэвч феноменологийн үндэс суурийг тавьсан Германы их сэтгэгч Эдмунд Гуссерль ямар гаргалгаанд хүрснийг уншигчид мэднэ шүү дээ. “Цорын ганц бодитой зүйл бол ухамсар юм”. Нүүрэнд нь халуу шатах сорви, охины толгойг норгосон нохойн шингэний халуун уур, хүзүүг нь төөнөх халуун амьсгал... Мөн чанар бүр анх цэцгийн мандал, авснаас ширтэх бүсгүйн дүрлэгэр нүдтэй хамт ийн өгөгдчихсөн буюу. Цорын ганц бодит зүйлийн ачаар Төмөр шивтэр ханхалсан муухай оромжинд хүрч бүх зүйлийг бүрэн дүүрнээр харж, хямдхан үйлдэл бүртээ цэг тавих туйлийн ахуйд хүрсэн хэмээн сэтгэмүй.

Жич: “Аливаа зүйл ухамсарлагдаж байгаагийн гол учир мөн чанарт л байгаа хэрэг”. /Эдмунд Гуссерль/ Ерөнхийдөө тус онолын хамгийн үнэ цэнтэй тал нь ухамсрын бүхий л холбоог хувь хүний сэтгэц болоод сэтгэл зүйн бүхий мөн чанарыг нарийвчлан авч үзээд уран зохиол, урлагийн онол практикийн асуудлыг ч орхигдуулалгүйгээр сэтгэл судлалын ухаантай холбож өгсөнд оршдог. Тиймдээ ч зохиолд ихэвчлэн Төмөрийн сэтгэл зүйн ухамсарт хийгээд ухамсаргүй үйлдэл, төсөөлөх явцад тархинд амилж буй бодол, дурсамжууд хуудас дамжин өгүүлэгддэг учир ийнхүү феноменологийн үүднээс уг бүтээлд хандсан болно.

Түр хүлээнэ үү...
Top